МЭНДЧИЛГЭЭ

          Хуанлын цаг тооны олон он жилүүдийг ололт амжилтаар үдэн угтсан эдүгээ түүхт сум сургуулийнхаа 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нутгийн зон олон та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсч, ажил амьдрал нь тэгш дүүрэн, аз жаргалтай, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн барьж Цэцэг сум үүсэн байгуулагдсаны түүхэн 90 жилийн ойн баярын мэндийг энх мэндийн цэнхэр хадгаа дэлгэн мэндчилье.

          Цэцэгчүүд бид түүхийн шаргал хуудсанд алтан үсгээр бичигдэн алдар цуутай ард түмнээрээ дэлхийд танигдсан, байгалийн сайхан цогцлоон бүрдсэн эх болсон энэ нутгаараа бахархахгүй байхын аргагүй билээ.

         Ардын хөдөлгөөний толгойлогч Алдаржавын Аюушаар овоглож, алтайн сүрлэг уулс Сутай хайрхан, Мянган угалзатаар хүрээлүүлсэн, Хулам, Цэцэг нуурыг хоймортоо залсан өвөг дээдсийн минь өлгий нутаг өсөж төрсөн сум, сургуулийнхаа түүхт ойг угтаж Цэцэгчүүд бид өрнүүн их бүтээн байгуулалтыг өнөө цаг үеийн төр засгийн бодлого шийдвэрт нийцүүлэн хэрэгжүүлж байна. Сум, сургуулийг үүсгэн байгуулсан цагаас хойш удирдан чиглүүлж, хөгжил цэцэглэлтийг түүчээлж явсан үе үеийн удирдлагууд, сэхээтэн, малчин тариаланч, нийт ард иргэд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Ард түмний минь мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.СҮХБААТАР

 

ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

        Төрийн засаглалын хэлбэр нэгээс нөгөөрүү өөрчлөгдөх үед ард түмний хүсэл зориг шийдлийн дагуу шинээр Үндсэн хууль төрдөг жамтай билээ. 1992 онд батлагсан шинэ Үндсэн хууль нь өмнө байсан төрийн залгамж шинж чанарыг үгүйсгэхгүйгээр харин ч Монголын төрийг иргэдийн оролцоог дээдэлсэн, өөрийн удирдах ёсны байгууллагаар баяжуулсан юм.

          1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар шинэ бүтэц бүрэлдэхүүнээр байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй билээ. 1992-2004 он хүртэл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нар орон тооны бус урамшуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж сумын нийгэм эдийн засаг, хөгжлийн бодлого, төсөв төлөвлөгөөг хэлэлцэж батлахаас гадна орон нутгийн хэмжээнд зайлшгүй шийдвэрлэх ажил асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байсан.

        ИТХ-ын тэргүүлэгчдийн орон тооны бус болон орон тооны даргаар ажиллаж байсан дарга нар:   

  1. Жамъяан Бямбадорж 1990-1993 он
  2. Баянзул Баасанжав 1993-1994
  3. Лхайжав Ёндонбаатар 1995-1998
  4. Баянзул Баасанжав 1998-1999
  5. Цэрэндагва Цэцэгбадам 1999-2000
  6. Лувсан Хорлоо 2000-2001
  7. Лхагва Ганзориг 2002-2004
  8. Дашцэрэн Бямбажав 2004-2008
  9. Жавзандулам Мөнхзориг 2008-2012
  10. Бямбаа Сүхбаатар 2012 оноос хойш ажиллаж байна.

       Үе үеийн удирдлагуудын ажлын арга барил удирдахуйн ухаанаас суралцан НӨУЁБ-ын ажлыг орон нутагт үр бүтээлтэй ажил хэрэгч байнгын болгох сонгогчдын санал хүсэлтийг судлан үйл ажиллагаандаа тусгаж байх зорилгоор төлөөлөгчдийн хариуцсан ажил мэргэжлийг харгалзан 5 байнгын хэсэгт хувиарлан ажиллуулж, хэлэлцэх асуудал, хийх ажлын төлөвлөгөө боловсруулахад сумын ИТХ-ын Тэргүүлэгчид туслан дэмжиж сумын ИТХ-ын төлөвлөгөөнд тусгаж холбогдох байгууллага албан тушаалтангуудад үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Аймаг нийслэл, сум дүүрэг 1992 оноос хойш ИТХ нь төлөөлөгчидөө сонгож, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлого зорилтоо тодорхойлон нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг орон нутгийн онцлог, иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн бие даан шийдвэрлэж ирсэн. 1992-2004 оны хооронд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нар орон тооны бус урамшуулалын цалинтайгаар ажиллаж байгаад 2004 онд орон тооны болгосон нь хурлын байгууллагын нэр хүнд, үүрэг хариуцлага, ажлын үр өгөөж, үр дүнг дээшлүүлэх чухал алхам болж байна.

          Сумын ИТХ нь 1992-2004 оны хооронд орон тооны бус дарга, нарийн бичигтэй, 20-н төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулж байгаад 2004 онд орон тооны ИТХ-ын дарга, нарийн бичиг, 21-н төлөөлөгч НӨУЁБайгууллагын үйл ажиллагаа явуулж байна.

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА