ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Ховд аймгийн Цэцэг сум нь хуучин Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны тэргүүн зэрэг тайж гүн Юндэндоржийн хоёрдугаар хөвүүн Маньбазарын хошуу байсан бөгөөд ардын засгийн эхэн үеийн Засаг захиргааны зохион байгуулалтаар уг хошуу нь Хантайшир  уулын аймгийн Бүсхайрхан хошуунд харъяалагдаж байснаа хожим Цэцэг нуурын хошуу гэгдэх болсон 19 дугаар зууны төсгөл 20 дугаар зууны эхэнд уг хошууны ардууд туйлын ядуу зүдүү амьдарч байсан бөгөөд манжийн дарлал, хошууны ноёд, феолдалуудын дарлалын эсрэг ард олны үймээн самуун зарга тэмцэл ихэсч энэ нь эцэстээ нийтийн эрх чөлөөний тэмцэл болон хувирсан.

            Монголын түүхэнд “Ард-Аюушийн” хөдөлгөөн буюу “Цэцэг нуурын дугуйлан” гэж мөнхөрсөн ард олны хөдөлгөөн манжийн дарлал, дотоодын феолдалуудын эсрэг 1903 оноос 1921 оны ардын хувьсгал хүртэл үргэлжилсэн түүхтэй, 1924 оны Цэцэг нуурын хошууны ардын төлөөлөгчдийн анхны хурлаар хошууны нийт 424 өрхийг 42 аравт, 8 баг, Цэцэг нуур сум, Сутай уул сум, Тахилт уул сум болгон зохион байгуулж хошууны анхны даргаар Шаравын Гомбожавыг сонгожээ. 1924 онд хошуу тамгын газрын даргад танхимын сургуулийг 20 шахам сурагчидтай 3 гэртэйгээр байгуулсан байна. 1932 оны сүүлчээр орон нутгийн сонгууль болж, засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинээр зохион байгуулагдсан Ховд аймгийн бүрэлдэхүүнд Цэцэг нуурын хошуу нь багтан орж Цэцэг сум болсон түүхтэй.

            Ардын засгийн жилүүдэд тус сумынхан хүн, мал эмнэлэг, сургууль, Соёлын газар байгуулж, тээвэр холбооны эхлэлийг тавьж, хоршоо худалдаа гар үйлддэрийн артель ажиллуулж байсан байна. 1954 онд анхны суурь нь тавигдсан “Цэцэглэх” нэгдэлд 1959 он гэхэд хувийн аж ахуйтнууд үндсэндээ нэгдэн орсноор “Цэцэглэх” нэгдэл нь 347,0 мянган га орчим бэлчээр нутагтай 100 гаруй мянган толгой малтай 2000 гаруй хүн амтай 400 гаруй өрхтэй мал аж ахуйн 3, туслах үйлдвэрийн 1 бригадтай, сум, бригадын төвдөө сүүлийн  үеийн зураг төслөөр баригдсан олон барилгатай тохижсон сум нэгдлийн нэг болжээ.

            1990 оны ардчилалын дараа хөдөө аж ахуйн нэгдэл нь бүрэн тарж, малаа малчдад нь хувьчлан өгснөөр хувийн аж ахуйтнууд бий болсон.

            Одоо тус суманд сумын төр захиргааны байгуулага, 15 ортой хүний их эмчийн салбар, мал эмнэлэг, 600 шахам сурагчидтай 12 жилийн сургууль, Ясли-цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв, Монголын шуудан  Жи-Мобайл, Мобиком зэрэг үүрэн телефон, ХААН, Хадгаламж банкны салбарууд, худалдаа үйлчилгээний компаниуд, эрчим хүчний салбар, Цаг уурын харуул, Хөшөөтийн нүүрсний уурхай, МоЭнКо, Угалзат мянган, Уламбаян, Ундрам-Алт, Ганжид ХХК, Хөтлийн-өтөг, Урд богос хоршоо зэрэг 30 шахам аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Засаг даргын Тамгын газрын харъяа төрийн үйлчилгээний олон газрууд, төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Засаг захиргааны нэгжээр 5 багтай /Хажинга, Баянгол, Баяновоо, Цэцэг нуур, Хөшөөт/ нэг баг ойролцоогоор 100-150 өрхтэй, тус сум нь 3000 шахам хүн амтай, 632 өрхтэй.

            Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, нийт 140 шахам мянган толгой малтай. Жилдээ дундажаар 13 тн ямааны ноолуур, 50 гаруй тн хонины ноос, 12 тн бодын хөөвөр, 5 тн тэмээний ноос бэлтгэж 20 гаруй тонн сүү, цөцгийн тос боловсруулдаг. Мал сүргийн нэлээд хувийг сарлаг үхэр эзэлдэг учир тослог ихтэй сүү, мах бэлтгэх боломжтой.

 

Газар зүйн байршил

Цэцэг сум нь Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт:

Улаанбаатар хотоос 1335  км,

Аймгийн төвөөс 225 км зайд байрладаг.

Ховд аймгийн Мөст, Алтай, Дарви, Зэрэг болон Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүй :  

Алтайн салбар уулсын өндөр уулын бүсэд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 4 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, тал хээр бүхий мал аж ахуй  эрхлэхэд тохиромжтой.

 

Цаг уурын нөхцөл:

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

1 дүгээр сарын дундаж температур -25  °С

7 дугаар сарын дундаж температур +30 °С

Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с

Жилийн хур тунадасны нийлбэр 200-300 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 349199.00 га.

Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

-Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх

-Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

-Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 165.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 165.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 14.4 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 265.7 сая төгрөг байна. Нийт зардлын 68 хувь нь цалин, 8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 7 хувийг урсгал шилжүүлэг, 17 хувийг бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж аймагт 2.4 сая төг, орон нутагт 165.9 сая нийт  168.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус сумын Хөшөөт багт үйл ажиллагаа явуулдаг Мо Эн Ко  ХХК  нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Малын бүтэц

Сумын хэмжээнд 88895 толгой малтайгаас 649 тэмээ, 3904 адуу,  3847 үхэр,  38002 хонь,  42493 ямаа байна.

Сумын хэмжээгээр нийт 88.9 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1270 толгой мал тоологдсон нь нийт малын 1.4 хувь байна.

309 малчин өрх, 93 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 58 хувийг эзэлж байна.

 Газар тариалан

 Сумын хэмжээнд нийт 7 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 90 хувьд нь төмс, хүнсний ногоо, 10 хувьд нь  бусад бүтээгдэхүүн тариалдаг.

 Дэд бүтэц

 Зам тээвэр: Сумын газар нутаг дээгүүр Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомтыг холбосон улсын чанартай 98.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж: Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2012 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.

Усан хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байгаа боловч ашиглагдахгүй байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж,  айл өрх 2 ус түгээх байрнаас  усаа авдаг.

Дулаан хангамж: Сумын төвд ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Мянган угалзтын байгалийн цогцолбор газрын захиргаа, Үйлчилгээний байрны харьяанд нийт 9 бага даралтын тогоо  ажиллаж байна.

Ард Аюушийн нэрэмжит бүрэн дунд сургууль  

Түүхэн замнал

“Бидний эрдмийн өргөө Ард-Аюушийн нэрэмжит бүрэн дунд сургууль” нь  1924 онд Хантайшир уулын аймгийн Дархан Бэйлийн хошууны “Баруун бураат” гэдэг газар 12 сурагчтай, 2 багштай нэг гэртэй анх байгуулагдаж, 1928 онд Хажингын аманд нүүж 64 сурагч, 3 багш, 3 гэртэй Хажингын бага сургууль, 1959 онд Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, ардын хөдөлгөөний толгойлогч Алдаржавын Аюушийн мэндэлсний 100 жилийн ойгоор Ард-Аюушийн нэрэмжит сургууль болсон. 1971 онд 8 жилийн дунд сургууль, 1992 онд 10 жилийн бүрэн дунд сургууль, 2009 оноос 12 жилийн сургууль болон өргөжин тэлж, 89 жилийн түүхэн хуудсыг үлдээж, Цэцэг нутгийн хүүхэд багачуудыг эрдмийн их аянд хөтлөн амьдралын замд нь оруулсан байна. Түүхийн энэ л хугацаанд Ардын хувьсгалын партизан-3, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн-11, Эх оронч-1, Монгол улсын баатар-1, Хөдөлмөрийн баатар-3, Ардын цолтон-2, Төрийн соёрхолт-1, Гавъяат-16, Академич-2, Доктор-12, Улсын аварга малчин 4 болон салбар бүрийн үе үеийн тэргүүний ажилтан, авъяаслаг хүмүүсийг төрүүлэн гаргажээ.

Тус сумын 12 жилийн бүрэн дунд сургууль энэ  хичээлийн жилд 20 бүлэг, 30 багш, 27 ажилтан, ажиллагсадтай, өдрөөр 498 суралцагч, дүйцсэн хөтөлбөрөөр-29, нийт 527 суралцагчидтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Дотуур байранд 67 хүүхэд амьдарч, суралцаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд “Сурагч нэг бүрийн авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх” зорилт тавин олон төрлийн дугуйлан хичээллүүлж, сурагчдын авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ боловсролын шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бамбарууш цэцэрлэг

Бамбарууш цэцэрлэг нь 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүждэг. 20 багш, ажиллагсадтай.

Сургуулийн өмнөх насны 2-5 нас хүртэлх хүүхдүүдэд СӨБ олгох үйлчилгээ үзүүлэн бага, дунд, ахлах, бэлтгэл 7 бүлэгтэй ажиллаж байна.

Хөшөөт багт бялзуухай цэцэрлэгт 3 бүлэгт 75 хүүхэд хүмүүжиж байна.

 

Эрүүл мэндийн төв

Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2012 онд нийт 86 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 242,  осол гэмтэл 18,  халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна. Эмчлэгдэж гарсан 424, хэвтэн эмчлүүлсэн 425, ашигласан ор хоног 33,81,  дундаж ор хоног 7,2, орны эргэлт 28,3, орны фонд ашиглалт 62, алсын дуудлага 201 ирж үйлчилсэн байна.

Сумын эрүүл мэндийн төв нь 15 ортой, 1 эмч, 5 сувилагч нийт 24 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулдаг.

Соёл, спорт

1984 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай Соёлын төвийн блок барилга байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа тогтмол явагддаг.

Суманд 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төвийн танилцуулга

Тус сумын Соёлын төв нь 1924 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж 1 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаад 1948 онд “Улаан булан” 1959 онд “Клуб” 1989 онд  Соёлын төв болж өргөжин 7 орон тоотойгоор соёл олон нийтийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

 ЦАГ УУР

1973 оны 9 сард анх удаа цаг уурын харуул байгуулагдсан. 2007 оны 11 сард Цаг уурын станцын анхны суурь тавигдаж 12 сард ашиглалтанд орсон. Одоо 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

Цэцэг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд Алтай соёны төслийн  санхүүжилтээр боловсруулсан.

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 га-аар нэмэгдсэн.

 Өнөөгийн байдлаар 134 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 57 га газар өмчилж, 250 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 230 га газар,  иргэн, аж ахуйн нэгж гэр бүлийн зориулалтаар  173.7 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд:

Малын индексжүүлсэн даатгал төсөл

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

Тогтвортой амьжиргаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Японы өвсний үндэс төсөл

Сумын брэнд  /Уран нугаралт/

Цэцэг сумын бага насны хүүхдүүд уран нугаралтаар байнга хичээллэдэг. 2012 онд МУГЖ Д.Энхцэцэг суманд 14 хоног Улаанбаатар хотод 14 хоног нийт 30 хоног 1 багш 30 хүүхдийг мэргэжлийн дагуу сургаж бэлтгэсэн болно. Иймд уран нугаралтыг улам өргөжүүлэн хөгжүүлж байна.

 

 

Сумын хөшөө дурсгал

Хөшөө дурсгалын нэр: Ард-Аюуш

Байгуулагдсан он:1939 онд

Хөшөө, дурсгалын намтар: Ард Аюушийг төрсний 100 жилийн ойгоор төрөлх сургуулийг Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ард-Аюушийн нэрэмжит болгож цээж баримал хөшөөг сургуулийн өмнө талбайд босгосон.

Хөшөө дурсгалын нэр: Баянгол багийн нутаг Хөшөөтийн амны Буган хөшөө, Баян-овоо багийн нутаг Халиуны хөтөлд Халиудай баатрын хөшөө байдаг.