Түүхэн замнал
“Бидний эрдмийн өргөө Ард-Аюушийн нэрэмжит бүрэн дунд сургууль” нь  1924 онд Хантайшир уулын аймгийн Дархан Бэйлийн хошууны “Баруун бураат” гэдэг газар 12 сурагчтай, 2 багштай нэг гэртэй анх байгуулагдаж, 1928 онд Хажингын аманд нүүж 64 сурагч, 3 багш, 3 гэртэй Хажингын бага сургууль, 1959 онд Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, ардын хөдөлгөөний толгойлогч Алдаржавын Аюушийн мэндэлсний 100 жилийн ойгоор Ард-Аюушийн нэрэмжит сургууль болсон. 1971 онд 8 жилийн дунд сургууль, 1992 онд 10 жилийн бүрэн дунд сургууль, 2009 оноос 12 жилийн сургууль болон өргөжин тэлж, 89 жилийн түүхэн хуудсыг үлдээж, Цэцэг нутгийн хүүхэд багачуудыг эрдмийн их аянд хөтлөн амьдралын замд нь оруулсан байна. Түүхийн энэ л хугацаанд Ардын хувьсгалын партизан-3, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн-11, Эх оронч-1, Монгол улсын баатар-1, Хөдөлмөрийн баатар-3, Ардын цолтон-2, Төрийн соёрхолт-1, Гавъяат-16, Академич-2, Доктор-12, Улсын аварга малчин 4 болон салбар бүрийн үе үеийн тэргүүний ажилтан, авъяаслаг хүмүүсийг төрүүлэн гаргажээ.

Тус сумын 12 жилийн бүрэн дунд сургууль энэ  хичээлийн жилд 20 бүлэг, 30 багш, 27 ажилтан, ажиллагсадтай, өдрөөр 498 суралцагч, дүйцсэн хөтөлбөрөөр-29, нийт 527 суралцагчидтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Дотуур байранд 67 хүүхэд амьдарч, суралцаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд “Сурагч нэг бүрийн авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх” зорилт тавин олон төрлийн дугуйлан хичээллүүлж, сурагчдын авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ боловсролын шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.